Блогоо хэрхэн амжилттай хөтлөх тухай
Загвар дизайн
Хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүнд тусч анхаарлыг нь татаж, сэтгэгдэл төрүүлэх зүйл бол загвар дизайн юм. Анхны сэтгэгдэл хамгаас хүчтэй байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
- Ялгах тэмдэг, эмблемтэй байх хэрэгтэй. Favicon /жижиг лого, манай сайтын хувьд налуу "Г" үсэг/ ч бас зайлшгүй байх зүйлсийн нэг.
- Шаардлагагүй, хэт олон виджет байх нь ганган хүнд гархи нэмэр гэдэг шиг л болно. Хэрвээ виджетүүд нь тухайн блогийн серверийнх бол серверийг унагаж, харин өөр сайтынх бол чиний блог өөр сайтуудаас хамааралтай болно гэсэн үг.
- Бүхэлдээ нэг төрлийн загвартай байх. Нэг хуудсанд эрс тэс загвартай модулууд байх нь костюмний дор пүүз өмссөнтэй л адил харагдана.
- Загвар дизайнаа блогийнхоо зорилго, онцлогт уялдуулах.
- Хуудас хоорондын холбоос, нийтлэлүүдийн ангилал, бүтэц зохион байгуулалт хялбар ойлгомжтой байх хэрэгтэй.
Загвар дизайн чинь аль болох цэмцгэр, өвөрмөц байх тусмаа сайн.
Агуулга
Хичнээн сайхан загвар, үзэмжтэй ч олигтой агуулгагүй бол зочид чинь эргэж орохгүй.
- Ямар сэдвээр бичих. Энэ маш чухал. Нийтлэл бүрээ төгс бичихийг хичээгээрэй. Энэ нь мэдээж төвөгтэй. Иймээс өөрийн хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлдээ тулгуурлаж болох юм.
- Хэтэрхий олон төрлийн сэдвээр бичих гэж хүчээ бүү тарамдуул. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордогтой л адил.
- Бусдыг дагаж хошуурах хэрэг байна уу? Блог чинь бусдынхаас ялгарч байж л интернэт гэгч хязгааргүй ертөнцөд өөрийн орон зайг тогтооно. Жишээлэхэд, нэг хэсэг варез блог ба веб сайтууд борооны дараах мөөг шиг олширсоноос одоо тоотой хэд нь л үлджээ. Харин сүүлийн үед нийгмийн чиглэлээр их бичдэг болсон мэт анзаарагдана. Учир нь ийм блог, веб сайтууд руу хүмүүс ч ихээр хандах болсон. Шалтгаан нь төр засгийн эрх барьж байгаа бүлэглэлүүд ард түмний дуу хоолойг телевиз, радио, сонин гээд ихэнх чиглэлд бараг бүрэн хаасанд оршино гэж үзэж байна. Саяхнаас "түр журам" гээчийг батлан гаргаж интернэт дэх үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан тул нийгмийн сэдвээр блог бичих нь хэр ирээдүйтэй бол? /хожим энэ талаар өөрийн үзэл бодлоо та бүгдтэй хуваалцах болно/
- Нийтлэлүүд чинь эсвэл сонирхолтой, шуугиан тарихуйц эсвэл хэрэгцээтэй, ач холбогдолтой байх хэрэгтэй.
- Гарчгаа оновчтой өгөх. Нийтлэлийн утга агуулгыг илэрхийлсэн эсвэл хүний сонирхлыг татахуйц гарчиг өг.
- Өөрийн үзэл бодлоо тусгасан байх. Уншигчдад чиний үзэл бодол хэзээд сонирхолтой байна.
- Товч бөгөөд тодорхой байх. Уншигчид залхуу учраас хэт урт нуршуу нийтлэлийг хэзээ ч уншихгүй.
- Мэдээллийг бүрэн өгөх. Жишээлбэл, орчуулгын мэдээний хувьд эхний хэсгийг бичээд үлдсэн хэсгийг тухайн сайтаас уншаарай гээд орхих нь уншигчдад огт таалагддаггүй.
- Үгийн алдаа, найруулгандаа анхаарах. Хэл найруулгаар чинь чамайг дүгнэх болно.
- Зураг, видео зэргээр баяжуулах. Зураггүй мэдээллийг нэг их хайхардаггүй
Блог хөтлөхөд "жижиг" зүйл гэж байхгүйг үргэлж санаж байгаарай.
За ингээд амжилт хүсье.